Tuesday, April 27, 2010

Эх...


Эх хүн. Эх хүн бол дээд төрлийн хүн. Эх хүн бол бүх зүйлийн эх, бүх зүйлийн ундрага. Эх хүн хамгийн ухаантай. Бурхнаас илүүгээр би ээждээ итгэдэг, ээжийгээ хайралдаг. Эх хүний шүүмж, зэмлэл маш хурц байх нь чамайг галзууруулах дөхөх нь энүүхэнд байдаг. Гэвч ижийгийн үг эцэс сүүлд нь хамгийн зөв байх нь гарцаагүй зүйл. Эх хүн бол бүх мэргэжлийг нэг дор эзэмшисэн дээдийн дээд боловсролтой нэгэн. Тэр хүн бол бурхан. Тэр чамайг хайрлаж энхрийлж, тэжээж, тэтгэж, хувцасладаг. Гуньсан үед чинь найз чинь байж өвдсөн үед эмч чинь болон хувирдаг. Энэ хорвоо дээр ямар ч эмэгтэй хүн эх шиг чинь чамайг хайрлахгүй. Хөгшин залуу архичин тамхичин луйварчин хулгайч дээрэмчин оргодол ялтан байсан ч эхдээ бид бүхэн үүрд манцуйтай нялх үр шиг нь санагдсан хэвээр байх болно. Эх хүн бол бурхан. Эх хүн ямар ч хүнийг алаг үр шигээ хайрлахад бэлэн байдаг нэнжин сэтгэлтэй бурхан. Тиймээс ч ижийтэй хүн үхдэггүй юм гэсэн үг гарсан байх. Ижий минь таа зуу насалж үр ач бидэндээ өр их элбэрэлээ үүрд мөнхөд үзүүлэн яваарай.

Айдас...


Айдас гэж яг юу вэ? Энэ бол зүгээр шөнөөр гадаа гарахаас айхыг аль эсвэл ууланд буг чөтгөртэй таарахаас айхыг хэлэх хэрэг биш юм. Энэ бол бүх насаараа бүхий л амьдралынхаа туршид айдсандаа баригдаж боогдож амьдрахыг хэлдэг юм шиг надад санагдана. Хүн бид багаасаа л ямар нэгэн алдаа гаргавал зэмлүүлж өсдөг. Үүнээсээ суралцаж цаашид ижил төрлийн алдааг давтахгүйг хичээдэг. Давтвал дахиад л зэмлүүлэх учраас. Ийм байдал нь нэг талаасаа биднийг дахин алдахаас сэргийлж байгаа боловч биднийг шинэ зүйл туршихаас эмээх сэтгэгдэлтэй болгон өөрчилдөг. Цаашлаад өөрийнхөө яг юу хийхийг хүсэж буйг мэдэхгүй болоход хүртэл сохлох аюултай. Ахиад л нөгөө зэмлүүлэх вий гэсэн эмээлт. Би бол яг л тийм хүн. Надад хүсдэг юм бий, гэвч би хүслийнхээ төлөө юу ч хийдэггүй. Яагаад гэвэл би алдахыг хүсэхгүй. Энийг орхиод ийшээ явчихсан чинь энийг би хийж чадахгүй бол яах вэ гэсэн бодол миний толгойд байнга эргэлдэнэ. Иймээс би юу ч хийх сонирхолгүйгээр өдөр хоногийг өнгөрөөнө. Ийм байж болохгүйг мэдсээр байж би айдасдаа дийлдэнэ. Дургүй зүйлээ хийхийг хүсэхгүй байгаа тул залхуурна, хүний адагт үлдэнэ. Тэр үед яагаад би ингэх ёстой юм гэж дахин бодох боловч тэрийг сонгоод би ирээдүйд хоолоо олж идэж чадахгүй бол яах вэ гэж бодно. Хааяа Монголд төрсөндөө харамсана, ирээдүйгээ бодоод айдасд автана. Ийм байдалтай байхыг хүсэхгүй ч ингэж амьдарсаар үхэх болно. Энэ бол арчаагүй хүний амьдрал, энэ бол миний амьдрал.

Эсвэл энэ бүхэн зүгээр л өөрийнхөө залхуу арчаагүй байдлыг булзайруулах гэсэн миний нэгэн оролдлого ч байж бас болох юм...